ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог НордАрт-Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа 06 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байгаа юм.09 сарын 21-ний өдрийн “Гэрлийн урт шөнө” арга хэмжээний хүрээнд НордАрт2019 шагнал /NordArt Prize 2019/ болон Үзэгчдийн нэрэмжит шагналын /NordArt Public Choice Award/ эздийг тодруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав. Энэхүү ёслолын оройн арга хэмжээнд нийт 4.000 зочид, урлаг сонирхогчид хүрэлцэн ирлээ.

Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчид энэ жилийн НордАртад оролцсон бөгөөд манай уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019 шагнал”-ын эзнээр тодорлоо.

“NordArt Prize 2019” дээд шагналыг НордАрт 2020 үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10,000 евроны мөнгөн шагнал дагалдах бөгөөд албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол НордАрт 2020-ын нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны 06 сарын 5,6–ны өдрүүдэд болно.

Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа бөгөөд 2015 онд НордАрт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн таашаалд ихэд хүрч “НордАрт 2015 үзэгчдийн шагнал”-ыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй. Ayurzana Ochirbold

“NordArt Prize” шагналын 10.000 еврог 2010 оноос хойш ноён Ханс Юлиус болон хатагтай Ёханна Алманн (ACO Group) дэмжин санхүүжүүлдэг бөгөөд, энэхүү нэр хүндтэй шагналыг 2010-2018 оны хооронд Michal Gabriel (БНЧУ), Jörg Plickat (ХБНГУ), David Černý (БНЧУ), Liu Yonggang (БНХАУ), AES+F (Tatiana Arzamasova, Lev Evzovitch, Evgeny Svyatsky + Vladimir Fridkes) – ОХУ, Gheorghi Filin (Итали Улс), Peter Lundberg (АНУ), Zeng Chengang, (БНХАУ) зэрэг олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид хүртсэн байна.

Европтоо хамгийн далайцтай энэхүү томоохон үзэсгэлэнд Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 3 дахь удаагийн бие даасан павильон „Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн 10 сарын 13-ны өдрийг хүртэл оролцож буй билээ.

Монгол Улсын Соёлын Элч, соёл урлагийн менежер, куратор О.Оюунтуяа Oyuntuya Oyunjargal, урлаг түүхч, куратор Ж.Бодьбаатар нар НордАртын ерөнхий кураторуудтай нэг баг болон тав дахь жилдээ хамтран ажиллаж бөгөөд энэ жилийн 3 дахь удаагийн Монголын бие даасан павильон хэдийнээ олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын анхаарлыг татсаар байна.

“Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮ ТББ”–н мэргэжлийн баг албан ёсны хамтын ажиллагааны түншээр “НордАрт”-тай хамтран Монгол Улсын 3 дахь Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг үргэлжлүүлэн удирдан ажиллаж байна. “НордАрт 2019” үзэсгэлэнгийн Монгол Улсын Павильоны хамтын ажиллагааны албан ёсны түншүүд нь МУ-ын ГХЯ-ны Гадаад Сурталчилгаа, Соёлын Харилцааны Газар, БСШУСЯ ба ХБНГУ-д суугаа Монголын Элчин Сайдын Яам болно. Arts&Media Project Management&Consulting, Ministry of Foreign Affairs - Mongolia, Botschaft der Mongolei, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам

Дашрамд дурдахад яг одоо MN17 Арт галерейд НордАртад 2015-2019 онуудад оролцсон Монгол уран бүтээлчдийн нэгдсэн тайлан үзэсгэлэн “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ нэртэйгээр нийтэд хүрч байна. Үзэсгэлэн хоёр шатлалтайгаар 2019 оны 09 сарын 12-24 болон 10 сарын 08-30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд уран барималч А.Очирболдын бүтээлийг ч мөн та үзэх боломжтой.