Үзэсгэлэнгийн нээлтээр Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай "Дусал Агаар" үзэсгэлэнгийн тухайд:

"Муулах үгний ил нь дээр, магтах үгний далд нь дээр гэдэг ч энэ ардын үгээ зөрчихөөс аргагүй байна. Ариунтуяа дүүгийн бие даасан, их том үзэсгэлэн байна. Энэ зурагнуудыг хараад ерөнхийдөө үзэсгэлэн маань ертөнц, хүнийг их хайрладаг, тэрхүү хайрыг илэрхийлсэн хайрын үзэсгэлэн юм билээ. Яагаад вэ гэвэл "Дусал Агаар" гэх нэрнээсээ эхлээд л их том романы нэр шиг их оновчтой санагдсан. Яагаад гэхээр хүний амьдралд агаар хэрэгтэй, ус хэрэгтэй, нарны элч хэрэгтэй байдаг. Дусал агаар болвол хүн өөрийгөө хүн гэж тоогоод өөрийгөө амьд байна гэж зөвшөөрөхөд хэрэгтэй гурван зүйлийн нэг юм. Нэгдүгээрт үзэсгэлэнгийн нэр бол маш оновчтой байна. Хоёрдугаарт хайраар дүүрэн хүүхэд юмаа гэж санагдсан. Яагаад гэвэл Монгол хүн хэлдэг шдээ "элэг зүрх, итгэл сэтгэлээсээ хайртай" гэдэг шдээ. Энд дандаа эрхтнүүд харагдаж байна. Хүн аль нэг эрхтэн нь өвдсөн бол байхгүй, унана шүү дээ. Тэгэхээр тэр хайраар дандаа хүнийг хүн болгодог, амьд явуулдаг, баяр жаргал эдлүүлдэг тэдгээр эрхтнүүд, тэдгээрийг нарийн ажиглаваас дотор нь хүн, амьтан, шавьж хорхой ч явж байж мэдэхээр ... Өөрийнхөө эрхтэн, эд эс бүрээр энэ ертөнцийг, эх болсон зургаан зүйлийг хайрлаж явдаг хүүхэд юм байна гэж бодогдсон. Их сайхан үзэсгэлэн байна." хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.