Монгол улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд болж буйг тохиолдуулан Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санаачлагаар Монголын банк санхүүгийн байгууллагуудыг уриалан Уран зургийн галерейн хосгүй үнэт таван бүтээлийн хадгалалт хамгаалалт, үзүүллэгийн орчныг дэлхийн нэртэй галерейдын жишгээр тусгай шилэн хоргоор хамгаалах ажлыг хийж гүйцэтгэхээр ярилцсан билээ. Өнөөдөр энэ ажлын албан ёсны эхлэлийг тавьж Монгол банк болон арилжааны банкуудын удирдлагууд Уран зургийн галерейд зочилж, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдтэй танилцав. Энэ үйл ажиллагаанд Монгол, Франц улсын ардын зураач, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Чогсом урилгаар хүрэлцэн ирж, “Тайхар чулуу” бүтээлээ тайлбарласан нь манай өнөөдрийн үйл ажиллагааг чимсэн, маш ховор тохиол боллоо.Мөн энэ удаагийн үйл ажиллагаагаар Монгол улсын ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн О.Цэвэгжавын 1963 онд зурсан “Эмнэг сургагч” бүтээлийг сэргээн засварлах зардлыг бүрдүүлэх ажилд Монголын 18000 орчим банкируудыг уриалан оролцуулахаар Монгол банк, Монголын банкны холбоо, Арилжааны банкны удирдлагууд санал солилцов. Уран зургийн галерей өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн банкируудыг Урлагийн боловсролын хөтөлбөртөө оролцуулсан бөгөөд зочид нэгэн өдрийг уран зураг, урлагтай хамт өнгөрүүлж, урлагийн үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, урлагт хөрөнгө оруулах талаар олон зүйлийн санаачлага дэвшүүлсэн халуун яриаг өрнүүллээ.