​Уламжлал ба орчин үе, эмх цэгц хийгээд хог новш, баян ядуу, өнгөрсөн ба ирээдүй... Уран бүтээлчдийн нүдэнд Улаанбаатар хот ийн бууж байна. 976 галерей нийслэлийн 378 жилийн ойн баярын хүрээнд “Зөрлөг” нэртэй үзэсгэлэнг толилуулж буй нь энэ юм. Эсрэг тэсрэгийн огтлолцол зөвхөн сэдвээр хязгаарлагдсангүй. Урсгал чиглэлийн хувьд ч тус үзэсгэлэнгийн бүтээлүүд харилцан адилгүй байгаа нь улам сонирхолтой болгожээ.

“Европын классик урлаг, буддын соёл, нүүдэлчин ахуй, нэн орчин үеийн барилгууд, хог хаягдал, нүүрс, утаа, ядуурал гээд л бүгд хутгалдсан хот. Энэ бүгд энэ үзэсгэлэн дээр төрөл жанр болоод өнгө, ритм, дүрс хэлбэр бүх талаасаа хутгалдан орж ирснээрээ бодит байдлыг ганц нэг талаас бус, харин бүх талаас нь мэдрэх боломжийг үзэгчдэд олгож байгаа юм. "Ийм олон уран бүтээлчдийн, энэ олон янзын чиг урсгалын бүтээлүүдийг нэгдмэл цул болгон дэглэж, хүмүүст өгье гэсэн мэдрэмжээ үнэхээр өгч чаджээ" гэсэн сайшаалг бид нээлтийн үеэр сонссон” хэмээн 976-н үүсгэн байгуулагч Б.Гантуяа ярьж байна.

https://newspress.mn/v1/p/news/882